Хүүхдийн эрх хэвлийд байхаас нь л зөрчигддөг

2013-02-19,02:01
Дорнын мэргэд хүмүүн заяаг зүүний үзүүр дээр атга, атгаар арвай асгахад ганцхан нь тогтохтой зүйрлэжээ. Анагаах ухаан ч адил санаа гаргасан нь бий. Эцгийн сүнд /үрийн шингэн/ 300 сая эр эс байх бөгөөд 299 саяыгаа "ялсан" нь эхийн өндгөн эстэй нийлэн "үр хөврөлөөс" биднийг үүсгэмүй хэмээжээ. Ийм л ховор тавилангаар бид энэ ертөнцийн зургаан тэрбум гаруй хүний нэгэн болдог ажээ. Хүүхдийн эрх хэрхэн зөрчигддөг тухай өгүүлэх учир бусдыг орхиё. Тэдний эрх эхийн хэвлийд олдохоосоо л зөрчигддөг. Төрүүлэх эсэхийг бодох нь хүртэл ирээдүйн хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж эхэлдэг. Эцэг, эх нь хүнд, хортой, цацраг идэвхт нөхцөл, уул уурхай, гараар алт олборлодог, баталгаагүй хүнс хэрэглэдэг, эм, тан уудаг, "балгадаг", тамхи татдаг бол бүр ч ярилтгүй. Оройн цагаар цэнгээний газраар шагайхад охид, бүсгүйчүүд ширээ дүүрэн архи дарс, шар айраг өрчихсөн, тамхилан сууцгаах нь эмгэнэлтэй. Баримт 1: Наркологийн төвийн захирал, докгор Л.Эрдэнэбаярын судалгаагаар согтууруулах ундаа хэрэглэдэг эхээс төрсөн хүүхдийн тархинд мансуурлын голомт үүсчихсэн байдаг гэнэ. Тэр нь хэтдээ архинд донтох эмгэг рүү түлхдэг юм байна. Мансуурлаас ангид амьдрах эрхийг нь эхийн хэвлийд олдохоос нь ч өмнө ийнхүү зөрчсөөр... Улаанбаатарчуудын хувьд улиг болсон утаа хүүхдийг бүү хэл, хүмүүний эрхийг зөрчсөөр хэдэн арван жил болов. Утаа уушги өвчлүүлдэг төдий ойлголттой улс юм, бид. Үнэндээ тийм биш. Амьсгалсан утаа уушгиар дамжин цусанд орж, бүх эрхтэн, тэр дундаа тархийг гэмтээдэг юм. Утаа хүйгээр дамжин хэвлий дэх үрийг хордуулдаг онцлогтой. Хамгийн таатай орчинд торниж байгаа хүүхдийн эрүүл өсөх эрх ингэж зөрчигддөг. Дээрх хорт нөхцөлийн гайгаар суурь өвчтэй, наанадаж л тархины даралттай хүүхэд төрөх нь нэмэгджээ. Төрснөөс хойш ч эрх нь зөрчигдсөөр авай. Үндэсний эмгэнэл болсон үр хөндөлт хүн болох эрхийг нь хүйс тэмтрэн зөрчдөг. Баримт 2: ЭМЯ-ны мэдээгээр өнгөрсөн жил улс даяар 10 мянга гаруй үр хөнджээ. Энэ бол албаны тоо. Хууль бусаар хэрхсэн талаар мэдээлэл алга. Нэрт зохиолч Л.Түдэв "Эх орон" телевизэд саяхан өгсөн ярилцлагадаа зүрх шимширмээр тоо хэлсэн. Түүнийхээр жилд 35 мянган үр хөнддөг аж. Ийнхүү цөөвтөр хүнтэй нэг аймгийнхаа оршин суугчидтай тэнцэхүйц иргэдээ бид эхийн хэвлийд нь жил бүр Ерөнхийлөгчийн зарлиггүйгээр "цаазалдаг" болж. Дээр нь тэжээж чадахгүйгээс хаягдах, харь, хар элгийнхэнд үрчлэгдэх, хүний наймааны золиос болох гээд юм юм гарна. Хэлд ороход бүр ч хэцүүднэ. Орчлонтой танилцах гэсэн олон "яагаад" асуултад нь ончтой хариулахаас зайлсхийх, тээршаах нь тэдний танин мэдэх, сурах эрмэлзлийг боогдуулдаг. Бүхнийг "болохгүй"-гээр халхлах нь бүр ч осолтой. Сургуулийн өмнөх насанд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Цэцэрлэг хүрэлцэхгүй, олдсон ч "бизнес"-ийн сонирхол дагуулдаг. Хурдан уншиж, бичиж сургах, гадаад хэлний дамжаанууд мөн иймэрхүү. Гэр бүл салснаас эцэг, эхтэйгээ элэг бүтэн амьдрах эрх нь ч хязгаарлагддаг. Хойт эцэг, эхийн хатуу гараар орох нь хамгаас гаслантай. Үүнээс үүдэн гэрээсээ дүрвэх, дарамтлуулах, сурах сонирхлоо алдах, эрүүл мэндээр хохирох нь ч буй. Баримт 3: Согтуу хойт эцгээсээ айсан охины тархинд цус харван Сүхбаатар дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна, Эмчийнхээр, гэнэтийн цочролоос болжээ. Хаяг, бүртгэлгүйгээс "Хүний хөгжил" сан хийгээд бусад тэтгэмжээс хоцрох нь энүүхэнд. Баримт 4: "Нарантуул" захын байцаагч Х.Баттөмөрийн надтай танилцуулсан Д, Ж гэх 7-9 настай хоёр хүүгийн эрх бүх талаар зөрчигджээ. Бүртгэлгүйгээс "оногдох" мөнгөө авдаггүй, сургууль завсардсан, эрүүл мэндийн даатгалгүй, орцонд амьдардаг. Өлсгөхгүйн тулд цайны газрууд хоол илүүчилж өгдөг ажээ. Цагаан сарын дараа холбогдох газруудад нь хандахаас гэж тэр өгүүлсэн, Хүнд, тэвчишгүй хөдөлмөр эрхлэх нь энэ л насанд элбэг гэнэ. Нийслэлийн захуудад ийм үзэгдэл хэвийнд тооцогдохдоо хүрчээ. Баримт 5: Миний мэдэх Б гэх 30 гаруй насны эмэгтэй 4-6 насны хоёр хүүхдээ "Хүчит шонхор" захад тэсгим хүйтнээр дуулуулж, уйлуулан хэдэн төгрөг олоод, хажууд нь байрладаг "Ferinds" дэн буудалд хонодог аж. Тус буудлынханд, тэр дундаа эзэн Г.Отгонд талархах хэрэгтэй. Үнэгүй шахам хонуулан, хоолноосоо илүүчилж байсан нь сайхан сонсогдсон. Холбогдох газрууд ямар нэг арга хэмжээ авна биз ээ. Сургуулийн бага, дунд насанд дээрх бэрхшээлээс гадна сурч боловсрохын саад учирдаг. Суралцах эрхээр хангагдсан нэртэй ч дааж давшгүй дарамт эдэлнэ дээ. Дүрэмт хувцсыг ижилсүүлэх нэрээр жил бүр сольдог, бас үнэ нь өсдөг сонин бизнес бий. Баримт 6: Эх орны үйлдвэрийн хувцас байсаар атал "Эрээнийх"-ээр гоёулдаг этгээд жишээ "Монген" цогцолборынх. Эдний хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги нь хятад бүү хэл, Монгол багшгүй өдий хүрэв. Сургалт муу хэрнээ төлбөр нь үргэлж нэмэгддэг нь хачин. Сургуулиуд сурагчдаасаа бэлэг дурсгал, баримтгүй хуримтлал аваад хэвшчихжээ. Сард яаж ийгээд л "татаас" авна. Элдэв ном, сонин, сэтгүүл, үзвэрийн тасалбар, гарын авлага "шахна". Сургуулийн засварыг төр хариуцдаг ч сурагчдаараа хийлгэдэг нь цөөнгүй. Янз бүрийн уралдаан тэмцээн, наргиан цэнгээн санаачлан төлбөрийг эцэг, эхэд нь үүрүүлдэг үзэгдэл газар авчээ. Хүүхэд эрүүл хоол, хүнсээр хангагдах эрхтэй. Сурагчдын "Үдийн цай"-г тойрсон шуугианыг бид мэднэ. Хүнсний гачигдалтай хүүхдийн хоолонд анхаарахаа байж. Эрүүл бус хүнс бэлтгэж, эрүүл биш хүн "төрүүлдэг" жамтай болжээ. Энэ талаар эмгэнэлтэй жишээ олон. Харин энд нэгэн буянтай үйлсийг зориуд тэмдэглэе. Баримт 7: Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа дахь "Шинэ эхлэл-Гэрэл" төвийн салбарууд Зайсан толгой, Яармаг, Их Наран, Чингэлтэй дүүрэг, Дундговийн Говь-Угтаап, Эрдэнэдалай суманд орон гэргүй, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдийг өдөр бүр хооллон, хичээлдээ явах боломжоор хангадаг нь сайшаалтай. Тиймгүй бол хэчнээн хүүхэд хоолоор дутагдаж, сургууль завсардахыг хэлэх аргагүй. Ахлах ангийнхны зовлон асар их. Хойт эцэг, эх гэлтгүй төрсөн эцэг эх, ахан дүүс, багшийн дарамт "гишгэх ч газаргүй" болгодог. Бүхнээс хамгийн адгийнх болох бэлгийн дарамт энэ үед тулгардаг. Энэ нь мөнхийн хар толбо суулгадгаас нэг насны амьдралыг нь сүйтгэдэг эмгэнэлтэй. Үрээгээ гишгэдэггүй азарганаас дор "адгуус"-нуудыг яалтай. Биеэ үнэлэгчдийн "арми" ихэнхдээ үүнээс үүдэлтэй нь нотлогдсон зүйл. Хонхны баяр хэмээх "мөнгөний мангас" эцэг, эхийг шар махтай нь хатаадаг ажгуу. Тэрхүү баярыг нэг хүүхэд дунджаар 100 мянгаас доошгүй төгрөгөөр тэмдэглэдэг гэж байгаа. Багш нар энэ үеэр харин ч нэг баяжна даа. Зурагт, хөргөгч, угаалгын машин, хивс энүүхэнд. Багшдаа суудлын тэрэг бэлэглэсэн "баян" сурагчдын тухай өнгөрсөн хавар нэгэн сонины "сонирхуулах мэдээ" буланд гарсан бөлгөө, Төлбөргүй суралцах эрх гэгч нэдэртээ л энэ. Гайгүй дүнтэй төгсгөх гэж багш нарыг "баярлуулдаг", их дээд сургуульд хахуулиар оруулдаг нь ирээдүйн авлигачдыг бэлтгэх "үр хөврөл" бус уу. Хүүхдийн эрхийн конвөнц зөрчигдсөн ноцтой баримтуудыг төр засаг, түмэн олон мэдэх тул үүнээс цааш өгүүлэхээс түдгэлзэв. Хэвлэл мэдээллээр үргэлж шуугин, том ярьж, сүржин мэдэгдэл хийдэг ч дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн дээрх баримтат зөрчлүүдийг арилгахыг холбогдох газар нь шийднэ гэдэгт найднам. Нүдэнд зассан, энгийн мэт харагдахуйц архагшсан дээрх гэмт үзэгдлийг даруй арилгахгүй бол хойчийн Монгол түмний үндэсний аюулгүй байдалд ч ямар хор уршиг авчрах аюултайг мэдрэх юун. Монголын үрс "эрүүл, аюулгүй орчинд аж төрж" маш олон болтугай. Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан
бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Шинэ мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 248 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)