Тамхи татсан хүүхдийн эцэг, эх нь торгуулна

2013-02-20,10:22
Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Уг хуулиар тамхи татахыг хориглосон орчин, хүлээх хариуцлага зэрэг асуудлыг МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Ч.Түмэнхүүгээс тодрууллаа.

-Ирэх сарааас хэрэгжиж эхлэх тамхины тухай хуульд ямар газруудад тамхи татахыг хориглосон байгаа вэ?
-Тамхины хяналтын тухай хууль нь өнгөрсөн оны аравдугаар сард батлагдсан байгаа. Уг хуулийг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөх болно. Нэмэлт, өөрчлөлт орсон шинэ хуулиар тамхи худалдаалах газар, тамхи татахыг хориглосон орчин зэргийг тодорхой тусгаж, хүлээлгэх хариуцлагыг нь чангатгаж өгсөн. Тухайлбал, ой хээрийн бүсэд болон баар, цэнгээний газар, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, албан газар, ерөнхий боловсролын сургуулийн ойр орчмын 500 метр газарт тамхи татах, зарахыг хориглосон.

Түүнчлэн агаарын хөлөг, нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил, шатахуун түгээгүүрийн газар, зорчигч тээврийн буудал, нийтийн хоолны газар, худалдаа, үзвэр, үйлчилгээ, аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн албан байр, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

-Хориглосон газарт тамхи татсан, худалдаалсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Тамхийг зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт татсан тохиолдолд иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно. Харин албан тушаалтанг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор болсон зэрэг нэлээд хатуу заалтууд бий.

-Хуучин хуулинд баар, цэнгээний газарт тамхи татахыг хориглоогүй байсан биз дээ?

-Өмнө нь хоёр болон түүнээс дээш үйлчилгээний танхимтай нийтийн хоолны газар тамхи татдаггүй хүмүүст зориулсан тусгай танхим ажиллуулна. Өөрөөр хэлбэл, тамхи татдаг, татахыг хориглосон заалтай байна гэж заасан байсан. Шинэчилсэн хуулинд эдгээр газруудад тамхи татахыг шууд хориглосон байгаа.

-Хэд хүртэлх насны хүнд тамхи татахыг хориглосон байгаа вэ. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд тамхи татсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Бага насны хүүхдийг тамхи татах, түүнийг хорт зуршилаас урьдчилан сэргийлэхийн тулд доод насныг 18 гэж заасан байсныг 21 болгон өөрчилсөн байгаа. Тамхи татах насанд хүрээгүй иргэд хориотой газар тамхи татсан тохиолдолд тухайн хүүхдийн асран халамжлагч болон, эцэг, эхийг нь 50 мянган төгрөгөөр торгохоор тогтсон байгаа.

-Тамхи зарах тусгай зөвшөөрлийг хэн олгох вэ?
-Ер нь тамхийг тусгай зөвшөөрлөөр худалдаалдаг болсон. Тиймээс уг тусгай зөвшөөрлийг одоо дүүргүүдийн засаг дарга нар олгож байгаа. Дашрамд дуулгахад, сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрнаас 100 метр газарт тусгай зөвшөөрлийг олгодог байсан. Харин шинэ хуулиар 500 метр болгон өөрчилсөн байгаа.

-Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд ямар байгууллагууд хяналт тавих юм бэ?

-Уг хуулийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ. Харин аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлага энэ хуульд заасан өөрийн эрхийн хүрээнд мөн хяналт тавьж ажиллана. Түүнчлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага уг хуулийн биелэлтэд олон нийтийн хяналт тавьж болно.

Ж.Отгонмягмар
бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Шинэ мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 279 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)