Хүүхдийн эрх ашгийг дээдлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна

2013-02-19,02:04
Сүүлийн үед хүүхдийн амьд явах эрхийг илт зөрчсөн, маш эмгэнэлтэй хэрэг гарч  байна. Үүний нэг жишээ нь, Нэгдсэн III эм­нэлгийн хажууд баригдаж байгаа барилгын зуурагч машины хоолой унаж, гудам­жинд ээж, эгчтэйгээ хөт­лөлцөөд явж байсан охиныг дарж амь насыг нь егүүт­гэлээ. Энэ бол дэндүү гэхэд дэндүү харамсалтай хэрэг.
Талийгаач охины аав Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нарт ил захидал илгээжээ. Энэ талаар болон ажлаа аваад юу хийж байгаа, хүүх­дийн байгууллагад ямар шинэчлэл хийж буй тухай Хүүхдийн төлөө үндэсний газрын дар­га И.Нарантуяатай ярилцлаа.
 


-Та сар гаруйн өмнө энэ ажлыг авсан. Энэ хугацаанд юу хийв. Ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Хүүхдийн гэсэн тодотголтой газар үгүй болсоор байна. Энэ таны хараанд өртсөн нь ажиглагдлаа?
-Тийм ээ. Энэ хариуцлагатай ажлыг аваад сар гаруй болж байна. Хийх ажил их байна, орвонгоор нь эргүүлэх зүйл ч их байгаа. Хамгийн эхнийх нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн устсан байна. Тэднийг  буцааж авах, сэргээх гэхчилэн ажиллаж байна. Хүүхдийн паркийг гэхэд л зочид буудал, баар, хоолны газраар дүүргэхгүйн тулд нэлээд зүйлтэй тулгарах бололтой. Олон хүн надад энэ асуудлыг хүүх­дүүдэд ашигтайгаар ший­дүүлэн “Дисней лэнд” шиг болгож  өгөх санал тавьж байна. Хүүхдийн паркийг хуучин талбайгаар нь авч, хүүх­дүүдээ тоглуулах, ал­хуулах, зугаацуулах хүүх­дийн ертөнцөд нь байлгаж чадах ганц “эрүүл” газартай  болгож өгөхийг тэд хүсч, шаардаж байгаа.
Хүүхдүүд өнөөдөр  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байтугай гэрийнхээ ойр тоглох, наадах ч алга дарам газаргүй болтлоо булаагдсан  байна. Үндсэндээ Хүүхэл­дэйн театраас өөр хүүхдэд зориулсан гээд нэр­лэчих газар алга. Энэ бүхэн бид хүүхдэдээ хэр их анхаарч ирсний баталгаа гэхэд хилс­дэхгүй. Бид төрийн бус бай­гуулагынхантай хамтран ажил­лаж байж үр дүнд хүрдэг. Тиймээс тэдэн­тэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Маш үнэ цэнэ­тэй санал хэлж, цаашид ажил­лах зорилго, зорилтыг тодор­хой­лоход түлхэц боллоо. 
-Таны бодлоор Монголд хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхтэй” хэмээн тунхагласан. Гэвч өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хариуцлагагүй байдлаас үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох үзэгдэл газар авч, монгол хүн эх орондоо амьд явах баталгаагүй болсон нь үнэхээрийн эмгэнэлт явдал гэмээр. Ялангуяа гэмт хэрэг, гэмт үйлдлийн золиос болж бай­гаа хүүхдийн эрхийг хам­гаа­лах, хүүхдийн эрхийг дээдлэх хуулийн заалт дэндүү хяз­гаар­лагдмал байгаа нь энэ хуулийн хүч сул бай­гаагийнх.
Монголд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль бий. Харам­салтай нь ийм хууль байдгийг бизнесийн байгуул­лага, хэн хүнгүй мэддэггүй юм шиг санагдсан. Энд “Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан боловч өнөөдөр Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчин дутуу дулимгаас энэхүү хуулийг хэрэгжүүлэгч талуудын үүрэг оролцоо хан­галтгүй, хариуцлага хүлээх, хүлээлгэх тогтолцоо байхгүй байна гэж хэлж болно.
Нөгөөтэйгүүр хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн төрийн бодлого,  олон нийт,  аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүүхдийн эрх ашгийг хангахад чиглэсэн  бодлого хөтөлбөр хангалтгүй байгаа нь үнэн. Иймээс Монгол Улсын бүх аж ахуйн нэгж, байгуулагуудад хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангуулах ажлыг санаачлан зохион байгуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдээ дээдлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ ээж таны өмнө амлаж байна.
-Хүүхдийн эрхийг хам­гаалах хууль байсаар бай­тал тэдний эрх зөрчигдөж, бүр эмгэнэлт байдалд хүргэж байгаа нь юутай холбоотой гэж та боддог вэ?
-Ер нь бүх шатанд ялангуяа иргэдэд хамгийн ойр байдаг төрийн үйлчилгээ, Иргэдийн төлөөлөгчдийн  Хурал, Засаг дарга болон хүүх­дийн талаар явуулах төрийн бодлого, хүүхдийн эрхийг хамгаалах хууль тог­тоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй Хүүхдийн төлөө үндэсний байгууллагуудын ажлын харилцаа холбоо муу, хариуцлагын тогтолцоо байх­гүй байгаа нь хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн шалт­гаанд шууд нөлөөлж байна.
Хүүхдийн эрхийг хам­гаалах  чиг үүрэгтэй манай газрын хувьд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хан­гуулах, эрх зүйн хэм хэмжээ дутуу дулимаг, тэдний эрхийг зөрчиг­дөхөөс урьдчилан сэргийлэх ажил үйлчилгээг орхиг­дуулсан, хуулийн хэрэг­жил­тэд  талуудын оролцоо хан­галтгүй, үүргээ бие­лүүлэхгүй орхидог, хариуц­лага хүлээх, хүлээлгэх тогтолцоо байхгүй байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Бид өнөөдрийн хууль эрх зүйн хүрээнд бизнесийн болон бусад байгууллагуудад сэрэмжлүүлэг хүргэх төдий л ажиллаж байна. Ядаж л хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн ийм аймшигт үйл явдлын мөрөөр тухайн бай­гууллагын тусгай зөв­шөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авдаг болбол хаана хаанаа хариуцлага өндөрсөх ёстой гэж бодож байна.  
-Тэгвэл одоо та бүхэн, танай газар дорвитой юу хийх вэ?
-Энэ байдлыг үндсээр нь өөрчлөхийн төлөө иргэд олон нийт, хүүхдүүдтэйгээ хамтран ажиллах болно. Ойрын үед  хүүхдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх бүх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд бүрэн дүүрэн хангуулахын төлөө холбогдох хууль тогтоомжид яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нарт хүүхдийн эрх ашгийг эн түрүүнд хамгаалахыг эрхэмлэх чиглэлээр сургал­тын хөтөлбөр, гарын авлага бэлтгэж хүргүүлэхээр ажил­лаж эхэллээ. Бүх байгуул­лага, аж ахуйн нэгж аюулгүй ажиллагааны дүрэм журамд хүүхдийг хамгаалах стан­дартыг тогтоож, түүнийгээ тусган, заавал мөрдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
 Ирэх арванхоёрдугаар сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, манай газар хамтран Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар улсын зөвлөгөөн хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ зөвлөгөөнөөр бид хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудад өөрчлөлт оруулах хүүхдийн эрхийг хангах стандартыг тогтоох бодлогын баримт бичгүүдээ хэлэлцэж, боловсруулан УИХ-д хуулийн төсөл болгон өргөн барих хэмжээнд гаргана. Энэ асуудал дээр УИХ дахь эмэгтэй гишүүд болон хүн бүр хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
-Саяхан III эмнэлгийн дэргэд машины хоолой хоолой унаж, 12 настай охиныг дарж, хөнөөсөн маш харамсалтай хэрэг гарсан. Талийгаач охины аав Батсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон танд захидал ирүүлсэн. Талийгаач охины дурсгалд зориулж сан байгуулсан байна.  Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? Энэ хэрэгт хэн буруутай вэ?
-Ер нь энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хөдөө орон нутагт ч аймшигт осол гардаг. Хотод л дуулиан шуугиан нь их болохоор ингэж шуугиад байгаа болохоос. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг чангатгахаас өөр гарц байхгүй. Таны асуусан аймшигт хэрэг бол хүүхдийн байгуул­лагын цаашид ажил­лах эмгэнэл боллоо. Хариуц­лагаар хариуцагч байх ёстой гэж бодож байна.
Тэгэхээр Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13.6-д заасанчлан “Хүүх­дийн хөгжилд хохирол учруулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх... гүй байх, мөн хуулийн 24.2-т зааснаар талийгаач охины зөрчигдсөн эрхийн төлөө хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна.
Бид хуультай нийгэмд амьдарч байна. Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэм гэдэг нь хууль дүрэм хэрэгждэг тогтолцоо юм. Юуны түрүүн бид хуулиа өөрчилж, эдийн засгийн хувьд хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн хариуцлага.
Хүний амь  үрэгдсэнээс бид сургамж авч, дахин ийм тохиолдол гаргахгүй байх ёстой. Нэг удаа цемент шахдаг хоолой унаад хүн дарсан бол энэ эмгэнэлт явдлыг давтуулахгүйн төлөө зохицуулалтыг хийсэн байх шаардлагатай. Энэчлэн бид шинэчлэлийг салбар бүр, албан тушаалтан бүрээс эхлэх хэрэгтэй байна.

бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Шинэ мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 527 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)