“Хүүхдийн эрх бол хүний эрх”-Монгол хүний үнэ цэнэ

2013-02-24,21:47
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан хүний эрхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л байгууллагууд хурал зөвлөгөөнөө хийж байна. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2012 оны ээлжит хуралдаан" blue sky"-д болж байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “Хүний эрх-Монгол хүний үнэ цэнэ” нээлттэй хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Балмад хойд эцгийн гарт амиа алдах шахсан хөөрхий хүүг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн амралтын өдөр эргэж, биеийн байдалтай танилцаж , мөн хэргийг шалгаж буй байцаагчтай уулзсан ажээ. Түүнд баярлалаа гэж хэлье.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хойд эцэгтээ зодуулж, эмнэлэгт хэвтэж буй долоо настай хүүг өчигдөр эргэж очсон. Хүүгийн асуудал дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох хангалттай үндэслэл бий. Хүний бие, эд эрхтэнд гэмтэл учруулах, хүнийг тарчлаан зовоох олон зүйл ангиуд байдаг. Хүүхдийн эрх бол хүний эрх. Гэтэл манай шүүх, цагдаа ийм төрлийн хэргүүдийг байдаг л ахуйн маргаан гэж хардаг, гэр бүлийн зөрчил гэж үздэг. Хүүхдэд онц ноцтой хүчирхийлэл хэрэглэсэн эцэг, эхийн эрхийг хасах хэмжээ авч, хүчирхийлэлд өртсөн бяцхан иргэдийг улсын хамгаалалд авах ёстой. Хүний эрхийг дээдлэхгүйгээр хүний нийгэм хөгжихгүй” гэв. Хүний эрхийн асуудал зөвхөн долоон настай хүүд ч хамаатай бус үүний нэгэн адил амьдардаг бүхий л бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд хамаатай билээ.

Энэ аймшигт хэрэг гарсны дараа иргэд хүүхдээ ингэж онц хэрцгийгээр зодож гэмтээж байгаа эцэг эхэд хүүг эргүүлэн өгч болохгүй гэдэг үзэл бодлоо хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр илэрхийлсээр байна. Иймээс энэхүү хэрэгт төдийгүй хүний амь нас, амьд явах эрхтэй холбоотой бүхий л асуудлуудад өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнгээ өгөх байх гэдэгт найдаж байна.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба болон нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн газрын төлөөлөл болон Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар оролцсон бөгөөд Монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангасан хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, талаар зөвшилцлөө.

Г.Уянга
бичсэн: Бидний дуу хоолой төрөл: Шинэ мэдээ | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 630 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)